2015-10-09 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 274

Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Аймгийн Залуучуудын холбооноос 3 дахь жилдээ амжилтай зохион байгуулж буй “АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний хуваарийн дагуу 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд 3 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

          Тэмцээний зохион байгуулалтын ажлын хэсгийг холбооны Бодлого хэрэгжилт, төвлөрсөн үйл ажиллагааны чиглэл хариуцсан Тэргүүлэгч гишүүн У.Мөнхсансар ахалж, Тэргүүлэгч гишүүн Р.Энхбаяр, Н.Отгонбаяр, О.Ганбат, Д.Энхээ, М.Оюунтуяа нар, хамтран зохион байгуулагчаар О.Болд-Эрдэнэ даргатай Аймгийн Биеийн тамир, спортын газар, П.Мөнхдөл зохицуулагчтай Аймгийн Залуучуууд хөгжлийн төв, Ерөнхий ивээн тэтгэгчээр П.Төрбат захиралтай “ТОБЭМ” ХХК тус тус ажиллалаа.

 

 

Тэмцээнд оролцох байгууллага, ААН-ийн эрэгтэй-32, эмэгтэй-10, нийт 42 баг тамирчдын мэдүүлэг, тэмцээний зохион байгуулалтын мөнгөн хураамжийг хүлээн авсны үндсэн дээр 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт техникийн зөвөлгөөнийг зохион байгууллаа.

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагт тэмцээний нээлтийг зохион байгуулж арга хэмжээнд Аэробикийн Ази тивийн аваргын хүрэл медальт ОУХМ н.Наранхүү болон МУБИС-ын БТДС-ын “АКРОДАНК” баг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн урилгаар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж үзүүлэх тоглолт хийлээ. Тус үзүүлбэр нь орон нутагт анхны удаа хийгдсэн шинэлэг гэнэтийн бэлэг байсан бөгөөд оролцогч, үзэгчид халуун дотноор хүлээн авлаа. Мөн Б.Дашжаргал багштай бүжгийн “Мonsters” хамтлаг мэндчилгээ дэвшүүлж, үйл ажиллагааны техник гэрэлтүүлгийг “Саран хөхөө” театр, хөгжим аппаратурыг Залуучуудын Хөгжлийн төв хангаж ажиллалаа.

Тус тэмцээний Ерөнхий шүүгчээр Г.Батлхам (СБСМастер), шүүгчээр МСБХ-ны зөвлөх дасгалжуулагч, багш н.Сампилноров (СБСМастер), МСБХ-ны дасгалжуулагч, багш н.Ариунболд (СБСМастер), Ш.Өлзийдэмбэрэл (СБСМастер), С.Тэгшжаргал (СБСМастер) нар ажиллалаа.

Энэ жилийн тэмцээний тоглолтын онцлог нь баг тамирчдын амрах цагийг нэмэх, тоглолтын ачаалалыг багасгах үүднээс ажлын хэсгийн шийдвэр гарч тоглолтыг төв спорт ордны заал, ЕБ-ын 2-р сургуулийн спорт зааланд 2 зэрэг зохион байгуулж, шигшээ тоглолтыг Төв спорт ордоны зааланд зохион байгуулсан нь оролцогчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

 

Аймагтаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тус спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, Залуучуудын холбооноос зохион байгуулагдаж буй ажилд ач холбогдол өгч,  хөхүүлэн дэмжиж тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “ТОБЕМ” ХХК 3 сая төгрөг, зохион байгуулалтын мөнгөн хураамж-1,6 сая, нийт-4,6 сая төгрөгний  санхүүжилттай зохион байгуулагдлаа.

 

          Тэмцээний мэдээлэл, зар сурталчилгааг Мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэл хариуцсан Тэргүүлэгч гишүүн Р.Энхбаяр гардан ажиллаж тэмцээнийг онлайн хэлбэрээр сурталчлахаас гадна баннерын эх бэлтгэл, хэвлэлт болон орон нутгийн DSB, MNT телевизүүдтэй хамтран үйл явцыг сурталчлахад хамтран зохион байгуулж нээлт, хаалтын үйл ажиллагааг орон нутгийн телевизээр дамжууллаа.

 

Тэмцээнд Айраг, Замын-Үүд, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сум болон Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, ААНэгжид ажилладаг үндсэн ажилтан, иргэдээс бүрдсэн 16-аас 39 насны эрэгтэй-32, эмэгтэй-10, нийт-42  баг тамирчид оролцож 3 өдрийн турш хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

Тэмцээний үйл ажиллагаанд Айраг сумын Залуучуудын холбооны тэргүүн Ж.Мөнхсэргэлэн, Өргөн сумын Залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнх-Отгон, Эрдэнэ сумын Залуучуудын холбооны тэргүүн Б.Сарангоо, Замын-үүд сумын Залуучуудын холбооны тэргүүн Б.Дэлгэрдалай,  Хөвсгөл сумын Залуучуудын холбооны тэргүүн Э.Жавхаа нар 3 өдрийн турш өөрийн биеэр салбар зөвлөлүүддээ үлгэрлэн өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд бусад агентлаг, байгууллага, ААНэгжийн удирдлага, ажилтан албан хаагчид, иргэд, залуус өргөнөөр оролцлоо,

 

Тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 27 -ны өдөр өндөрлөж дүн гарахад:

Ø  1-р байранд: С.Мэндбаяр ахлагчтай “Сайншанд Зүтгүүрийн депо” баг тамирчид /эрэгтэй/, М.Оюунтуяа ахлагчтай “Төрийн банк” баг тамирчид /эмэгтэй/ тэргүүлж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, 500000, 400000 мянган төгрөг

Ø  2-р байранд: Э.Магсар ахлагчтай “Төрийн банк” баг тамирчид /эрэгтэй/, Г.Баясгалан ахлагчтай “Замын-Үүд” баг тамирчид /эмэгтэй/ эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, 400000, 300000 мянган төгрөг

Ø  3-р байранд: н.Батбаяр ахлагчтай “Караоке-999” баг тамирчид, н.Батцэцэг ахлагчтай “ТОБЭМ” баг тамирчид /эмэгтэй/ эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, 300000, 200000 мянган төгрөгийн шагналын эзэн боллоо.

Ø  Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор “Төрийн банк” багийн тамирчин Г.Жавхлан /эрэгтэй/, “ТОБЭМ” багийн тамирчин н.Уранчимэг /эмэгтэй / нар тодорч Шилдэг тоглогчийн дурсгалын алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

 

Тэмцээний нээлт болон хаалтын ажиллагааны үеэр МЗХ-ны Ерөнхийлөгчийн №125  тоот тушаалаар “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгээр “ТОБЭМ” ХХК-ний захирал П.Төрбат, “Тамирчны алдар” цол тэмдгээр Аймгийн Цагдаагийн газрын ажилтан СБСМастер С.Тэгшжаргал нар шагнагдсаныг Аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Э.Энхжаргал гардуулан өглөө.

 

            Тэмцээнийг зохион байгуулсан ажлын төлөвлөгөө, тайлан, санхүүгийн баримт болон бусад холбогдох бичиг баримт, анонсыг аймгийн Залуучуудын холбооны архивт хадгалуулав.

Сэтгэгдэл ачааллаж байна ..