2015-10-09 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 244

Эртэч Монгол-Өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

Монголын Залуучуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх “Залуусаараа гоёё” хөтөлбөрт өдөрлөгийн хүрээнд Аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчдийн хурлаас санаачилж улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эртэч Монгол” өглөөний уулзалтыг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэнд 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагт зохион байгууллаа.

Өглөөний уулзалтанд: Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, бөхийн 4 төрлийн ОУХМ, Дэлхийн аварга, аймгийн начин О.Болд-Эрдэнэ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, хөнгөн атлетикийн МУ-ын 9 удаагийн аварга, ОУХМ В.Отгонтуул нар зочноор оролцлоо.

Эртлэн босч ирсэн 60 гаруй залууст 2 мастер маань их спортод хэрхэн хөл тавьсан, спортын амжилтын түүх, залуу хүн оюуны болон биеийн ачааллыг хэрхэн дааж чаддаг, зорьсон зорилгодоо хүрэх замд хэрхэн хөдөлмөрлөх, суралцах зэрэг өөрсдийн амьдрал дээр жишээ авч хөдөлгөөнтэй, хөгжилтэй, ухааралтай, сургамжтай халуун дулаан уулзалт ярилцлага боллоо.

Уулзалтанд оролцогчдыг холбооны дэмжигч гишүүн Г.Номингоо өглөөний хөгжимтэй чөлөөт дасгал хийлгүүлэн эхэлж, “Чандмань илч” ОНӨХХК-ний “Дөл” хамтлагийн хөгжимчин Б.Буян-Өлзий ая дуугаа өргөж, аймгийн Төв номын сангийн хамт олон шинэ номын үзэсгэлэнгээ дэлгэн залуусыг оюуны чихрээр дайлан хамтран ажиллалаа.

Мөн уулзалтыг орон нутгийн DSB телевиз иргэдийн хүртээл болгон нэвтрүүлж, аймгийн Залуучуудын хөгжлийн төв уулзалтанд хүрэлцэн ирж оролцсон 60 гаруй залуусыг өглөөний цайгаар дайллаа.

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..